Хэрэгжүүлэгч: Худалдаа хөгжлийн банк, Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан
Гүйцэтгэгч: Худалдаа хөгжлийн банк
Хугацаа: 2024 - 2025
Хурдасгуур сан нь олон улсын байгууллагууд болон хувийн хэвшилтэй хамтран нэмэлт санхүүжилт татах, төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх зорилготой ажилладаг. Анх 50 сая ам.долларын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан тус сан нь санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлж, нөлөөллөө өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.
Энэ хүрээнд 2024 онд Худалдаа хөгжлийн банктай хамтран Уур амьсгалын ногоон сангийн 200,860 ам.долларын буцалтгүй санхүүжилтээр Ханбогд суманд бүс нутгийн ногоон хөгжлийг дэмжих бэлэн байдлын төслийг эхлүүлж, орон нутгийн удирдлага, иргэд, хувийн хэвшлийн төлөөллөөс шаардлагатай судалгааны мэдээлэл цуглуулан, бусад хамааралтай оролцогч талуудын санал, шийдлийг сонсох, төслийн талаарх мэдээлэл өгөх арга хэмжээг зохион байгуулсан. Энэ судалгаа, цуглуулсан саналуудын үндсэн дээр боловсруулсан төслийн саналыг 12 сарын хугацаанд бэлтгэж, Уур амьсгалын ногоон санд хүргүүлж байгаа бөгөөд үр дүнгээс хамааран зөвхөн Ханбогд сумын ногоон хөгжилд зориулагдсан Ногоон зээлийн сан байгуулах боломж бүрдэх юм. Энэхүү сан нь хэрэгжих боломжтой ногоон төслүүдийг хөнгөлөлттэй санхүүжилтээр дэмжиж, төр, хувийн хэвшлийн хамтарсан санхүүжилтийн механизмыг идэвхжүүлэх чухал суурь болох юм.







