Ханбогдын хөгжилд орон нутгийн иргэд, залуус, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний санаачилга бүхий төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих, богино хугацаанд үр дүн, үр өгөөжийг өгөх жижиг төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг бий болгох зорилго бүхий “X.O.T” буюу Хөгжил, Оролцоо, Түншлэл хөтөлбөрийг санаачлан холбогдох дүрэм, журмыг батлуулан ажиллаж байна. Тус хөтөлбөр нь дараах үндсэн 3 чиглэлээр төслийн уралдаан зарлан, саналуудыг хүлээн авч, сонгон шалгаруулж санхүүжүүлдэг. Үүнд:
• Хүний хөгжлийг дэмжих (эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт)
• Урлаг, соёлыг дэлгэрүүлэх (соёл урлаг, олон нийтийн соёл, соён гэгээрэл)
• Амьдрах орчныг сайжруулах (Хотжилт, байгаль орчин, тогтвортой хөгжил)
Тус хөтөлбөрийг Дэлхийн зөн Олон улсын байгууллагын зөвлөх үйлчилгээгээр дамжуулан Ханбогд сумын хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэд, олон нийтийн санаачилга бүхий төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд техник, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Зөвлөх үйлчилгээ нь Х.О.Т хөтөлбөрийн хүрээнд шалгарсан төслүүдийн хэрэгжилт, хүрэх үр дүн, санхүүгийн гүйцэтгэл, тайлагналтад хяналт тавин, төсөл санаачлагчдад зөвлөн туслах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг ба Хурдасгуур санд зөвлөмж хүргүүлэн ажилладаг.
Үр дүн:
• Дэлхийн зөн Монгол байгууллагын зөвлөх үйлчилгээгээр дамжуулан “Төслийн санал амжилттай боловсруулах нь” сэдэвт үе шаттай сургалтуудыг хуваарийн дагуу зохион байгуулж байна. Ингэснээр иргэд Х.О.Т хөтөлбөрийн зорилго, чиглэл, сонгон шалгаруулалтын журмын талаар дэлгэрэнгүй ойлголттой болж хөтөлбөрт идэвхтэй хамрагддаг болов.
• Оролцогчид өөрсдийн санаачилсан төслийн хүрээнд Асуудлын модны шинжилгээ хийх чадвартай болсон.
• Оролцогчид Х.ОТ хөтөлбөрийн төслийн саналын маягтыг бөглөх зааварчилгааг тогтмол авдаг болсон.
• Төсөл санаачлагчид Х.О.Т хөтөлбөрийн зүгээс тавьж буй санхүүгийн тайлагнал, баримт бүрдүүлэлтийн шаардлагатай урьдчилан танилцаж төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх болон тайлагнах техник, арга зүйн дэмжлэг, чиглүүлэг авч орон нутгийн иргэдийн төсөл амжилттай хэрэгжүүлэх ур чадварууд нэмэгдсээр байна.
Х.О.Т хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт авсан төслүүд:
Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлийн хүрээнд зарлагдсан төслийн уралдаанд шалгарсан төслүүд:

Эрүүл нуруу төсөл: Ханбогдын эрэгтэй хүүхэд, залууст иогоор хичээллэхийн ашиг тусыг таниулж, иог бясалгалын ач холбогдлыг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэхийг уриалсан. Төслийн хүрээнд Ханбогд сумын Энх иог студи шаардлагатай тоног төхөөрөмжийн худалдан авалт, тохижилтыг хийж байнгын үйл ажиллагаатай болсон.

Чийрэг эрчүүд төсөл: Ханбогдын эрчүүдэд идэвхтэй дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт, сэтгэцийн эрүүл мэндийн ач холбогдлыг таниулан, эрүүл амьдралын хэв маягт суралцахад чиглүүлсэн. Төслийн хүрээнд Ханбогд сумын Галбын хүчтэн фитнесийн клуб үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн. Эрчүүдийн эрүүл мэндэд дасгал хөдөлгөөн, зөв хооллолт, сэтгэл зүйн эрүүл мэндийг хамтад нь ач холбогдлыг таниулах зорилго бүхий энэхүү төсөл нь сумын эрчүүдэд эрүүл зөв амьдралын дадал хэвшлийн ач холбогдлыг таниулсан, нийгэмд үр нөлөө бүхий санаачилга байсан.
Хөрш, гудмаараа нэгдэж амьдрах орчноо сайжруулах чиглэлийн хүрээнд зарлагдсан төслийн уралдаанд шалгарсан төслүүд:

Гэгээлэг гудамж төсөл: Шар Дов гудамжны 12 өрх нэгдэж хашаагаа Евро хашаагаар сольж засварлан хашаа бүрийг хаягжуулж 1ш нийтийн саравч сүүдрэвч байршуулсан.

Эко гудамж төсөл: Гоёотын 10 гудамжны 9 өрх нэгдэж хашаагаа эко модон хашаагаар сольж, будаж хашаа бүрийг хаягжуулж хог ангилах хогийн сав байршуулсан.
Өнгөлөх хөрш төсөл: Хөөвөр, Баян Хөөврийн хорооллын нийт 12 өрх нэгдэж хашаагаа Евро хашаагаар сольж, блокон хашааг будаж сэргээн, айлуудын хаалгыг засварласан.
“Ханбогд сумын 100 жилийн ойд зориулсан уран бүтээл” төслийн уралдаанд шалгарсан төслүүд:
Галбын магтаал төсөл: Ханбогд сумын Үлэмжийн чанар соёлын төвийн уран бүтээлчдийн санаачилгыг дэмжсэнээр Ханбогд сум дуулалт бүжгийн магтаал бүхий шинэ уран бүтээлтэй болсон. Энэхүү бүтээл нь Ханбогд сумын Наадмын хүндэтгэлийн тоглолтод тоглогдсон.
Хүүхдийн найрал дуу төсөл: Ханбогд сумын “Оргил” урлагийн төвийн багш нарын санаачилгыг дэмжсэнээр Ханбогд суманд 50 хүүхдийн бүрэлдэхүүн бүхий найрал дууны бүлгэм бий болж сумын тэмдэглэлт баяр, үйл ажиллагаанд авьяасаа таниулан оролцдог болсон. Урлагаар дамжуулан хүүхдийн оролцоо, хөгжлийг дэмжин ажилласан ба хүүхдүүд цаашид найрал дуугаар хичээллэх том бааз суурьтай болж Ханбогд сумын хүүхэд залуус болон асран хамгаалагч нарыг урлагаар дамжуулан соён гэгээрүүлж үлгэр дуурайлал болсон.
Мөнхөд эгшиглэх аялгуу төсөл: Ханбогд хайрхан ХХК-ийн ажилчдын санаачилгыг дэмжсэнээр уурхайчин залуус "Ханбогдын дуулал" дууг шинэчлэн найруулж клип болгон нийгмийн сүлжээгээр түгээсэн нь одоогоор 200,000 орчим үзэгчдийн сонорт хүрсэн байна. Тус дууны клипээр дамжуулан Ханбогд суманд өргөж буй их бүтээн байгуулалт, хотжих үйл явцыг баримтжуулав.

“Хүүхдэд ээлтэй Ханбогд” төслийн уралдаанд шалгарсан төслүүд:
Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсролыг дэмжих “Алхам алхмаар” төсөл, сургуулийн орчин дахь сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих “Хүүхдэд ээлтэй Ханбогд” сэтгэл зүйн төсөл шалгарсан. Хүүхдэд ээлтэй Ханбогд төслийн хүрээнд 1,735 хүн төслөөр дамжуулан шууд үр шим хүртэх ба 2,600 хүн шууд бусаар үр шим хүртэнэ.



































