Захиалагч: Ханбогд сумын ЗДТГ
Хэрэгжүүлэгч: Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан
Гүйцэтгэгч: Хасбанк
Хугацаа: 2024 - 2027
Хурдасгуур сан Хасбанктай хамтран Ханбогд суманд бизнес эрхлэгчдийг дэмжих бичил, жижиг бизнесийн зээлийн хөтөлбөрийг 2024 оны 9 сараас эхлүүллээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бизнес эрхэлж буй болон бизнесээ эхлүүлэхээр төлөвлөж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулсан хоёр төрлийн хөнгөлөлттэй зээл олгож байна.
Туршлагатай бизнесийн зээл нь жилийн 6%-ийн хүүтэй, 48 сар хүртэлх хугацаатай олгогдож байгаа бөгөөд 2024 оны эцсийн байдлаар нийт 943 сая төгрөгийн зээл 15 зээлдэгчид олгогдож, худалдаа, үйлдвэр, кофе шоп, бэйкэри, үсчин гоо сайхан, гар утасны худалдаа гэх мэт салбаруудад олгогдож бизнес эрхлэгчдийн санхүүгийн дарамтад бодит дэмжлэг болж байна. Мөн тус бүтээгдэхүүн нь зээлдэгчийн одоогийн зээлийн үлдэгдлийн 30% хүртэлх хэмжээнд дахин санхүүжилт хийх боломжтой давуу талтай. Энэ нь бизнес эрхлэгчдэд санхүүгийн уян хатан байдлыг нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэх боломжийг олгож байна.
Шинэ бизнесийг дэмжих төслийн зээл нь жилийн 9%-ийн хүүтэй, 36 сар хүртэлх хугацаатай бөгөөд зарлагдсан хугацаанд ирүүлсэн нийт 16 төслөөс Үжин цагаан идээ, Шунхат цайны газар, ажлын хувцасны оёдлын үйлдвэр гэсэн нийт 3 төсөл шалгарч зээл олголтын шатандаа явж байна. Энэхүү төслийн зээлийг бид 2025 оны хавар дахин зарлаж төслүүд шалгаруулж зээл олгохоор төлөвлөөд байна.
Уг зээлийн хөтөлбөрийг сумын эдийн засгийг идэвхжүүлэх, солонгоруулах, Улаанбаатар болон бусад аймаг, сумаас шинэ бизнесүүдийг татах, мөн банкны шаардлага хангадаггүй шинэ бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор санаачлан хэрэгжүүлж байна. Ханбогд сумын бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа өргөжүүлэн, цар хүрээгээ амжилттай тэлсээр байна. Энэ нь сумын эдийн засагт эерэг өөрчлөлтүүдийг авчрах бодит үр дүнг харуулж байгаа юм.
Хурдасгуур сан нь Хасбанктай хамтран Ханбогд сумын бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой бичил болон жижиг бизнесийн зээлийн хөтөлбөрийг 2024 оны 9-р сараас эхлэн хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд туршлагатай бизнес эрхлэгчид болон шинээр бизнес эхлүүлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан хоёр төрлийн хөнгөлөлттэй зээлийг олгож байна.
Туршлагатай бизнес эрхлэгчдэд зориулсан зээл нь жилийн 6 хувийн хүүтэй, 48 сар хүртэлх хугацаатай бөгөөд 2025 оны эцсийн байдлаар нийт 2.965 тэрбум төгрөгийн зээлийг 44 зээлдэгчид олгосон. Энэхүү зээл нь худалдаа, үйлдвэрлэл, нийтийн хоол, үйлчилгээ, тээвэр, засвар, түрээс зэрэг олон салбарыг хамарч, орон нутгийн бизнесүүдийн санхүүгийн дарамтыг бууруулахад бодит хувь нэмэр оруулж байна. Мөн эргэн төлөлтөөс бүрдсэн эх үүсвэрийг ашиглан 2025 онд 501 сая төгрөгийн дахин санхүүжилтийг 6 зээлдэгчид олгосноор бизнесийн санхүүгийн уян хатан байдлыг нэмэгдүүлсэн.
Шинэ бизнесийг дэмжих зээл нь жилийн 9 хувийн хүүтэй, 36 сар хүртэлх хугацаатай бөгөөд 2024 онд эхний шатанд 3 шинэ бизнесийн төслийг санхүүжүүлж, үйл ажиллагааг нь амжилттай эхлүүлсэн. 2025 онд хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг аялал жуулчлалын салбарт чиглүүлэн зохион байгуулж, зочид буудал болон хувцас угаалга, цэвэрлэгээний 2 төслийг сонгон шалгаруулснаар нийт 400 сая төгрөгийн санхүүжилт бүрэн олгогдож, хөтөлбөр амжилттай хэрэгжлээ.
• Үжин цагаан идээ,
• Шунхат цайны газар,
• Ажлын хувцасны оёдлын үйлдвэр,
• Шинэ зочид буудлын төсөл,
• Хувцас угаалга, цэвэрлэгээ үйлчилгээний бизнес
Мөн өмнөх жилийн шинэ бизнесүүдийн зээлийн эргэн төлөлтөөс бүрдсэн 70.4 сая төгрөгийг сангийн бусад төслүүдийг санхүүжүүлэхэд дахин ашиглахаар болсон нь сангийн эх үүсвэрийн өгөөжийг нэмэгдүүлсэн сайн жишээ боллоо. Энэхүү зээлийн хөтөлбөр нь Ханбогд сумын эдийн засгийг идэвхжүүлэх, уул уурхайн бус салбарыг хөгжүүлэх, бизнесийн орчныг төрөлжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.






