Иргэдийн оролцоог дэмжих Х.О.Т хөтөлбөр 2025

Attachment

Хэрэгжүүлэгч: Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан

Гүйцэтгэгч: Дэлхийн зөн Монгол ОУБ, Ханбогд сумын иргэд

Хугацаа: 2024 - 2025

Ханбогдын хөгжилд орон нутгийн иргэд, залуус, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний санаачилга бүхий төслүүдийг дэмжих зорилгоор “Х.О.Т” (Хөгжил, Оролцоо, Түншлэл) хөтөлбөрийг санаачлан, холбогдох дүрэм журмыг батлуулан хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөр нь богино хугацаанд бодит үр дүн, өгөөж бий болгох жижиг төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг орон нутагт бүрдүүлдэг. Х.О.Т хөтөлбөрийн хүрээнд дараах 3 үндсэн чиглэлээр төслийн уралдаан зарлаж, саналуудыг сонгон шалгаруулан санхүүжүүлдэг. Үүнд:

  • • Хүний хөгжлийг дэмжих (эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт)

  • • Урлаг, соёлыг дэлгэрүүлэх (соёл урлаг, олон нийтийн соёл, соён гэгээрэл)

  • • Амьдрах орчныг сайжруулах (хотжилт, байгаль орчин, тогтвортой хөгжил)

Тус хөтөлбөрийг Дэлхийн зөн Олон улсын байгууллагын зөвлөх үйлчилгээтэй хамтран хэрэгжүүлж, Ханбогд сумын хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн санаачилга бүхий төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд техник, арга зүйн дэмжлэг үзүүлсэн. Зөвлөх үйлчилгээний хүрээнд Х.О.Т хөтөлбөрөөр шалгарсан төслүүдийн хэрэгжилт, үр дүн, санхүүгийн гүйцэтгэл, тайлагналтад хяналт тавьж, төсөл санаачлагчдад зөвлөн туслахын зэрэгцээ Хурдасгуур санд бодлогын болон хэрэгжилтийн зөвлөмж хүргүүлэн ажилласан.

Үр дүн:

  • • Х.О.Т хөтөлбөрийн хүрээнд нийт 10 төслийн хэрэгжилтийг амжилттай дуусгахад зөвлөн дэмжлэг үзүүлж, төслүүдээр дамжуулан 200 орчим хүнд шууд, 10,000 орчим хүнд шууд бус үр өгөөж хүргэв. Хөтөлбөрийн үндсэн журам, төслийн санал хүлээн авах маягт, үнэлгээний нарийвчилсан журмыг шинэчлэн боловсруулснаар иргэдийн оролцоо нэмэгдэж, сонгон шалгаруулалтын үйл явц илүү ойлгомжтой, ил тод болсон.

  • • Мөн төсөл боловсруулах арга зүй, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлийн сургалтад 70 орчим хүн хамрагдаж, асуудал тодорхойлох, төслийн загвар болон шалгуур үзүүлэлт боловсруулах мэдлэг, ур чадварыг эзэмшсэнээр цаашид бие даан төсөл хэрэгжүүлэх чадавх бүрдсэн.

2025 онд Х.О.Т хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт авсан төслүүд:

“Хүүхдэд ээлтэй Ханбогд” төслийн уралдаанд шалгарсан төслүүд:

Шууд үр шим хүртэгчдийн тоо: 1,255 хүн

  • “Хүүхдэд ээлтэй Ханбогд” төсөл-ийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид, багш, ажилтнуудын сэтгэл зүйн боловсролын мэдлэг, ойлголт бодитоор сайжирсан. Нийт 700 орчим сурагч сургалтад хамрагдаж, мэдлэгийн түвшин 35.3 хувиар өссөн бол 100 эцэг эх, асран хамгаалагч, 160 гаруй багш, ажилтнуудын мэдлэг 25–31 хувиар нэмэгдсэн байна. Мөн 100 хүүхдэд ганцаарчилсан, 174 хүүхдэд бүлгийн зөвлөгөө хүргэж, 6 сургагч багшийг бэлтгэн DBT аргачлалын материалыг түгээснээр төслийн үр дүнг урт хугацаанд тогтвортой хадгалах нөхцөл бүрдсэн.

  • “Алхам алхмаар” төсөл-ийн хүрээнд тусгай хэрэгцээт хүүхдүүдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсролын дэмжлэг сайжирч, орон нутгийн чадавх бэхэжсэн. Төслийн хүрээнд ТХШХ-тэй хүүхдүүдэд оношилгоо, нарийн мэргэжлийн тусламжийг орон нутагт хүртээмжтэй хүргэж, 170 гаруй багш, 40 гаруй эмч, сувилагч, 50 орчим эцэг эх, асран хамгаалагчийг сургалт, зөвлөгөөнд хамруулснаар тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах орон нутгийн тогтолцоо бэхжсэн.

“Хөршөөрөө хамтдаа” төслийн уралдаанд шалгарсан төслүүд:

Шууд үр шим хүртэгчдийн тоо: 121 хүн

  • “Хөршөөрөө хамтдаа” төсөл-ийн хүрээнд Баянхөөвөр гудамжны 6 өрх нэгдэн, хөршүүдийн идэвхтэй оролцоотойгоор эко стандарт хангасан хашааг бүрэн шинэчилж байгуулсан. Төслийн хүрээнд эко хашаа, стандартын төмөр багана, цементэн суурь, автомат моторт хаалгыг суурилуулснаар оршин суугчдын аюулгүй, ая тухтай амьдрах орчин бүрдэж, гудамжны өнгө үзэмж сайжирсан.

  • “Хөгжилтэй гудамж” төсөл-өөр Баян багийн 5 өрхийн хүүхдүүдийн санаачлагаар 20×20 метрийн тоглоомын талбайг байгуулж, өдөрт дунджаар 50 орчим хүүхэд аюулгүй, нээлттэй орчинд тоглох боломж бүрдсэн. Талбайн шийдлийг хүүхдүүд болон орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан тодорхойлсноор хүүхдүүдийн эрсдэлтэй орчинд тоглох нөхцөл буурч, идэвхтэй хөдөлгөөн, нийгэмшил нэмэгдсэн.

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан