Хэрэгжүүлэгч: Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан
Гүйцэтгэгч: Монголын тандан судлаачдын холбоо НҮТББ
Хугацаа: 2025 - 2026
Ханбогд сум нь Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу сүүлийн жилүүдэд дэд бүтэц, нийгэм-эдийн засгийн хувьд эрчимтэй хөгжиж, барилга, зам талбай, хүн амын суурьшил нэмэгдсэнтэй холбоотойгоор нийтийн үйлчилгээний орон нутгийн өмчит байгууллагуудын ачаалал өсөж байна. Үүнтэй уялдан хот тохижилтын газрын үйл ажиллагааг өргөжүүлэх, ажиллах хүч, төсөв төвлөрүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн тул тухайн байгууллагын бизнес төлөвлөгөө, үйл ажиллагаатай холбогдох үнэ тарифуудыг шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэхэд ОТХСан дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд Монголын тандан судлаачдын холбоо НҮТББ-тай гэрээлэн тодорхой үр дүнд чиглэсэн үе шаттай судалгаа, зөвлөх үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Үр дүн:
Хог хаягдлын төлөв байдал, бүтцийн суурь судалгаа болон аюултай хог хаягдлын тооллогыг хийж гүйцэтгэлээ. Хог хаягдлын үйлчилгээний үнэ тариф шинэчлэхтэй холбоотойгоор иргэд, ААНБ-уудын оролцоотой олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, санал авсан. Сумын хог хаягдлын нэгдсэн менежментийн дүгнэлт, зөвлөмжийг боловсруулан “Ханбогд хот тохижилт” ОНӨААТҮГ, сумын удирдлага болон ИТХ-д танилцуулсан.
Мөн энгийн хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, булшлах шинэчилсэн журмын төсөл боловсруулж, үйлчилгээний үнэ тарифыг шинэчлэн тогтоон сумын ИТХ-аар батлуулж, холбогдох яаманд хүргүүлэв. Үүний зэрэгцээ нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгаа, хамгаалалт болон зам, талбайн цэвэрлэгээний үйлчилгээний зардлын тооцооллыг шинэчлэн гаргасан. Тарифууд шинэчлэгдсэнээр “Ханбогд хот тохижилт” ОНӨААТҮГ-ын орлого, зарлага тогтворжиж, сум орон нутгаас төсвийн дэмжлэг авах боломж бүрдэж байна.
Цаашид төлөвлөгдсөн ажлууд:
Хот тохижилтын газрын үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө, дотоод журмуудыг шинэчлэх; хог хаягдлын менежментийн санхүүжилтийн тогтвортой механизмыг нэвтрүүлэх үе шаттай сургалтууд; тээвэр, логистикийн менежментийн загвар сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
