Дэлхийн иргэд Ханбогдоос 2025

Attachment

Гүйцэтгэгч: Эдүкэйшн Зон Технологи ХХК, Нэгдмэл Зорилго МБХБ

Хугацаа: 2025

Ханбогд сумын 1, 2-р сургуулийн гадаад хэлний “Нэгдмэл зорилго” мэргэжлийн багш нарын бүлгэмийн санаачилгаар жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Дэлхийн иргэд Ханбогдоос” боловсролын өдөрлөгийг ОТХС 3 дахь жилдээ дэмжин, хамтран ажиллалаа. Тус өдөрлөг нь англи хэлээр суралцаж буй 5–12-р ангийн сурагчид тухайн хичээлийн жилд эзэмшсэн мэдлэг, ур чадвараа сэтгэл зүйн боловсрол, урлаг гоо зүйн мэдрэмж, оролцоог дэмжсэн сурагч төвтэй арга зүйгээр тайлагнах боломжийг олгодог. Багш нарын хувьд орон нутаг болон улсын хэмжээнд сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэх, ОТХС-ийн хувьд сангийн зорилго, үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ олон нийтэд танилцуулах зорилго бүхий чухал арга хэмжээ болдог. Өдөрлөг нь дараах үндсэн 4 хэсгээс бүрдсэн. Үүнд:

  • • Сурагчдын өөрөө удирдах сонирхлын клубүүд, тэдгээрийн үйл ажиллагааг сурталчлах зорилго бүхий “Өртөө” үйл ажиллагаа

  • • Багш, сурагчдын “Англи хэлний баяр” тайлан тоглолт

  • • “KB Calling” цуврал илтгэлүүд

  • • “Eco citizens” Галба талбайд мод тарих үйл ажиллагаа

Энэ удаагийн өдөрлөгт Ханбогд сумын Засаг даргын Тамгын газар, сумын сургуулийн багш, удирдлагууд, Боловсролын ерөнхий газар, “Лингорс” боловсролын байгууллага, “Оюу толгой” компани зэрэг олон хүндэт зочид хүрэлцэн ирж, тайзнаас сэтгэгдлээ хуваалцлаа. Тэдний оролцоо, сэтгэгдэл нь өдөрлөг жил ирэх тусам цар хүрээгээ тэлж, хүүхэд, залуусын хүсэн хүлээдэг арга хэмжээ болон хөгжиж буйг илтгэж байв.

Үр дүн:

1. “Өртөө” үйл ажиллагаа

  • • Сурагчдын өөрсдөө зохион байгуулсан нийт 24 өртөө ажиллаж, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэв.

  • • Сурагчдын идэвхтэй оролцоотой өртөөнүүдээс гадна төсөл, хөтөлбөр, лабораторийн танилцуулга, Оюу толгой компанийн захиргаа болон хүний нөөцийн хэлтсийн мэдээлэл, ЮНЕСКО-ийн Дэлхийн Геопаркын агуулгыг хүргэсэн олон төрлийн мэдлэг олгох өртөөнүүд ажилласан нь сурагчдын мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлсэн.

2. Багш, сурагчдын “Англи хэлний баяр” тайлан тоглолт

  • • Тайлан тоглолтын гол зорилго нь хүүхэд бүрийн оролцоог дэмжих замаар тэднийг өөр өөрийн онцлог, давуу талтай, үнэ цэнтэй дэлхийн иргэн гэдгийг ухааруулж, өөртөө итгэх итгэл, бахархлыг төлөвшүүлэхэд чиглэдэг бөгөөд тоглолтод 1078 сурагчид оролцлоо.

  • • Мөн тоглолтоор дамжуулан байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах ухамсар, дэлхийн боловсрол эзэмшин эх орондоо бодит хувь нэмэр оруулах хүсэл тэмүүлэл, хандлага, үнэт үзэл санааг түгээхийг зорьсон.

3. “KB Calling” цуврал илтгэлүүд

  • • Илтгэлийн хэсэгт “Боломж хаанаас ч эхэлдэг, миний түүх”, “Өнөөдөр сонгох ирээдүйн мэргэжил” сэдэвт илтгэлийг уул уурхайн мэргэжлийн зочид танилцуулснаараа онцлогтой байв.

  • • ОТХС-ийн зүгээс боловсрол, нийгмийн салбарт хийж буй төсөл, хөтөлбөрүүдийн мэдээллийг танилцуулан сурагчидтай сонирхолтой яриа өрнүүлэв.

  • • “KB calling” арга хэмжээ нь бүхэлдээ сурагчдад урам зориг өгсөн, ирээдүйн мэргэжлээ сонгоход нь дэмжлэг үзүүлсэн оюуны хөрөнгө оруулалт бүхий үйл ажиллагаа байлаа.

4. “Eco citizens” Галба талбайд мод тарих үйл ажиллагаа

  • • Багш, сурагчид анги хамт олноороо Галба цэцэрлэгт хүрээлэнд 500 мод тарьж, байгаль дэлхийдээ хайртай иргэдийн нэгэн дурсамжит мөчийг бүтээн хүрээлэн буй орчиндоо үнэтэй хувь нэмэр оруулав.

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан