Ханбогд сумын жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах сургалт хөтөлбөр

Attachment

Хэрэгжүүлэгч: Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан

Гүйцэтгэгч: Ди Зэт Юу Би ХХК

Хугацаа: 2025

Өмнөговь аймгийн Ханбогд сумын ЖДБ эрхлэгчдийг чадавхжуулах сургалтын хөтөлбөрийг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны хамтран санхүүжилттэйгээр амжилттай хэрэгжүүллээ. Хөтөлбөрийн агуулгыг орон нутгийн ЖДБ эрхлэгчдийн хэрэгцээ, тулгамдсан асуудалд үндэслэн боловсруулж, бизнесийн тогтвортой удирдлага, өсөлтийг дэмжихэд чиглэсэн оновчтой сэдвүүдийг хамруулсан. Оролцогчдын идэвх, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор сургалтад хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж бүрээс 350,000 төгрөгийн төлбөр авч оролцуулсан нь хөтөлбөрийн онцлог байв.

1. ЖДБ эрхлэгчдэд зориулсан иж бүрэн сургалт, зөвлөх үйлчилгээ

Хөтөлбөрийн хүрээнд Ханбогд сумын 25 ЖДБ эрхлэгчийг хамруулан бизнесийн удирдлага ба стратеги төлөвлөлт, санхүүгийн төлөвлөлт ба тайлагнал, хүний нөөц, маркетинг, борлуулалт, тогтвортой хөгжлийн чиглэлээр гурван дараалсан багц сургалтыг зохион байгуулсан. Сургалтыг практик дасгал, кейсэд суурилсан арга зүйтэй хослуулан явуулсан. Мөн оролцогч бүр ганцаарчилсан зөвлөх үйлчилгээ авч, бизнесийн бодит асуудлаа тодорхойлж, хэрэгжилтийн төлөвлөгөө боловсруулсан нь сургалтын үр нөлөөг нэмэгдүүлсэн.

2. Аялал жуулчлалын хөгжлийг дэмжих сургалт

Орон нутгийн аялал жуулчлалын салбарын хэрэгцээнд нийцүүлсэн, олон нийтэд нээлттэй гурван өдрийн сургалтыг зохион байгуулж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар стандартын чиглэлээр оролцогчдын мэдлэг, ур чадварыг бэхжүүллээ.

Сургалтын өмнө болон дараах үнэлгээгээр оролцогчдын ихэнх нь анхан–дунд түвшний мэдлэгээс сайн, маш сайн түвшинд хүрч, нийт оролцогчдын 80–90 хувь нь мэдлэгийн ахиц гарсан байна. Энэхүү өөрчлөлт нь сургалтын агуулга, арга зүй орон нутгийн хэрэгцээнд нийцсэн, үр дүнтэй байсныг харуулж байна.

Ганцаарчилсан зөвлөх уулзалтуудын үр дүнд оролцогчид санхүүгийн тайлан, бүртгэлийн системээ сайжруулах, маркетингийн шинэ сувгууд нээх, хүний нөөцийн бодлогоо шинэчлэх, бизнесийн стратеги, төлөвлөгөөгөө тодорхойлох зэрэг бодит ахиц, өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн. Энэ нь зөвлөх үйлчилгээ оролцогчдын бизнесийн бодит хөгжилд чухал нөлөө үзүүлснийг нотолж байна.

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан